ТАНИЛЦУУЛГА
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын үүсэл нь Халхын Сайн ноён аймгийн Сэцэн чин вангийн хошуутай холбоотой. Анх нь Чингис хааны алтан ургийн шууд угсаа Халхын Түмэнхэн хөндлөн цөхүр ноёны гуч хүү Цэрэн, Гүнгээравдан эмэг эх Гэцүл хатныг дагаж 1692 онд Манжид дагаар оржээ. Цэрэн, Гүнгээравдан нар хааны ордонд хүмүүжиж гүнжтэй ураг холбон эфү болцгоожээ. Удалгүй засаг ноёноор өргөмжлөөд уугуул нутаг Тамирын нутагт буцаав. Энэ үеэр Халхын нутаг руу довтолсон Зүүнгарын цэрэгтэй удаа дараа байлдаж, гавьяа байгуулан тэднийг Халхын нутгаас хөөн гаргажээ. Энэхүү цэргийн гавьяаг Манжийн хаанаас ялган хэлэлцэж, хошой чин ван, Хэтэрхий шалгарсан баатар, Халхын их засаг, Хол дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин буюу Халхын бүх цэргийг захирах жанжнаар томилогдсон байна.
Цэрэн 1750 онд нас барах хүртлээ Сайн ноён аймгийн анхны чуулганы даргаар томилогдон ажиллаж, Манж Чин улс, Хаант Орос улстай Монгол-Оросын хилийг тогтоох хэлэлцээрт Монголын талын тэргүүлэгчээр оролцож, Зүүнгарын цэрэгтэй удаа дараа байлдан Халхын нутгийг чөлөөлж, эзэмшил нутгийг баруун тийш тэлсэн байна. Хэтэрхий шалгарсан баатар, засаг, хошой чин ван Цэрэнг нас барсны дараа түүний ууган хүү Цэнгүнжав засаг, хошой чин вангийн хэргэмийг залгамжилсан байна. Тэрээр Улиастайн жанжин буюу Халхын цэргийн захирагчаар томилогдон Зүүнгартай хийх Манжийн цэрэг, дайны ажиллагаанд идэвхтэй оролцож, цэргийн гавьяаг байгуулж байжээ.
Цэрэнгийн ахмад хүү Цэнгүнжав эцгийн эзэмшил нутгийг өвлөн авсан бол, удаах хүү Цэвдэнжавт тусгайлан шинэ хошуу байгуулж, засаг ноён болгосон байна. Цэрэнг анх засаг ноён болгож, дараа жил нь буюу 1721 онд “Халхын умар замын дундад зүүн этгээдийн адаг хошууг захирагч тамга” хэмээн манж, монгол үсгээр бичсэн, барс бариултай хүрэл тамгыг шагнаж, тус хошууг захируулсан юм.
1725 онд Хэтэрхий шалгарсан баатар Цэрэнгийн цэргийн гавьяаг ялган хэлэлцээд түүний элэнц эцэг Түмэнхэний угсааны 18 хошуу, Халхын Цогт тайжийн угсааны нэг хошуу, бүгд 19 хошууг Түшээт хан аймгаас салгаж, шинээр Сайн ноён аймгийг байгуулан, “Халхын дунд зам” хэмээн нэрлэжээ. Шинээр байгуулсан аймагт, Цэцэрлэгийн чуулган буюу Сайн ноён аймгийн чуулганыг буй болгож анхны чуулганы даргаар Хэтэрхий шалгарсан баатар Цэрэнг томилсон юм.
Сайн ноён аймгийг шинээр байгуулсны дараа тус хошууг “Халхын дунд замын дундад зүүн этгээдийн адгийн хошуу” гэж нэрлэх болжээ. Харин тамга ба тамганы бичээсийг солилгүй 1912 он хүртэл хэрэглэсэн байна. Манжийн үед тус хошууны албан ёсны нэрийг төдий л хэрэглэлгүй хошуу ноёны нэр, албан тушаал зэргээр нэрлэх нь түгээмэл байв. Тиймээс Цэрэнгийн анх байгуулсан хошууг “Эфү Цэрэнгийн хошуу”, “Ү жанжны хошуу”, “Сайд вангийн хошуу”, “Наянтын хошуу” гэх зэргээр олон янз нэрлэж байжээ.
Тус хошууны хоёр дахь засаг ноён Цэнгүнжавыг хошууны ард түмэн нь “Ү жанжин” хэмээн хүндэтгэн нэрлэдэг байжээ. Тэрээр 1739 онд чин вангийн хүүд өгдөг “Шизы” хэмээх цолоор шагнуулсан юм. Ү жанжныг нас барсны дараа түүний хошууны эзэмшил нутаг Нэрст хэмээх газар түүний шарилыг хадгалах бумба хороог байгуулжээ. Бумба хороог сахин хамгаалах үүрэгтэй арван өрх айл, өдөр бүр сан, тахил унших лам нарыг буй болгожээ. Эдгээр хүмүүсийг “Шизы”-ын арван гэж нэрлэсэн байна. Хожим эдгээр өрх айлууд үржин олширч “Шизы”-ын арван гэх үг нь сунжирсаар “Шаз арван”, “Шазы”-ийнхан гэж нэрлэгдэх болжээ. Засаг, хошой чин ван Цэнгүнжавын хэргэм зэргийг түүний бага хүү Лавандоржид залгамжлуулан Бээжин хотод суулгах болжээ. Түүнээс хойш тус хошууны засаг ноёд Бээжин хотод суурьшин амьдарч, хошууны нэрийг “хошууны туслагч түшмэл, хариуцан шийтгэх болжээ.
1911 онд Монголчууд Манжийн эрхшээлээс гарч төрийн тусгаар тогтнолоо зарлаж, Монгол улсаа сэргээн мандуулсан. Энэ үед тус хошууны засаг ноён Наянт Бээжин хотноо амьдарч байсан хэдий ч монголчуудын тусгаар тогтнолын үйл хэргийг дэмжин, Манж Чин улс, түүний мөхсөн суурин дээр байгуулагдсан Дундад Иргэн Улсын дотоод, гадаад нөхцөл байдлыг тагнан туршиж, Богд хааны Засгийн газарт нууцаар мэдээлэл дамжуулдаг байжээ.
1912 онд тус хошууны тамгыг өөрчилж, Хошой чин ван Цэрэнгийн хэрэглэж байсан “Сэцэн” хэмээх цолыг тамгын үсэгт оруулж, голдоо соёмбо бүхий, хоёр үзүүрт чандмань бариултай 80 лангийн мөнгөөр үйлдэж “Сайн ноён хан аймгийн Сэцэн засгийн хошууг захирагч тамга” хэмээн бичсэн шинэ тамгыг шагнан хэрэглүүлжээ.