ТҮҮХЭН АЛДАРТНУУД

/БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүүн, Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан/

1980-аад оноос дэлхий дахинаа улс төр, нийгэм, эдийн засгийн эрс өөрчлөлт, шинэчлэлийн салхи сэвэлзэж эхлэх үед гадаад, дотоодын оюунлаг сэхээтнүүд, чин зоригт уран бүтээлчид өөр өөрсдийн бүтээл туурвилаараа ард олны оюун санааг түүчээлэн дагуулж, уриалан дуудаж ирсэн түүхтэй. Энэ ч жишгээр Монгол Улсад Ардчилсан хувьсгалыг магтан дуулж, шинэ нийгэм рүү түмэн олныг уриалан дуудагч “Салхич шувуу”-дын нэг нь Өндөр- Улааны унаган хүү Жаргалын Барамсай байсан бүлгээ.

Жаргалын Барамсай нь 1950 оны арваннэгдүгээр сарын 05-нд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бичигт хайрхан хэмээх газар төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр мал сүргийн дэргэд өнгөрүүлж, 1959 онд Хануйн бага сургуульд элсэж, Ихтамир сумын 8 жилийн дунд сургуульд суралцан Цэцэрлэг хотын 10 жилийн есдүгээр дунд сургуулийг дүүргэж, 1969 онд УБДС- ийн “Монгол хэл – Уран зохиолын ангид элсэн 1973 онд төгсжээ. 1973-1985 он хүртэл Сайд нарын зөвлөлийн “Хэвлэл, утга зохиол хянах газар” төлөөлөгч 1985- 1987 онд Монголын үндэсний телевизийн уран сайхны редактор, 1987-1990 онд “Тоншуул” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, 1997 онд “Улаанбаатар” сонинд тусгай сурвалжлагчаар ажиллаж байв. 1975 оноос эхлэн уран зохиол сонирхож, гол төлөв хошин шог уран бүтээлийг данган туурвиж, бүрэн хэмжээний уран сайхны кино 6, баримтат болон богино хэмжээний кино 10 орчмыг бүтээжээ. 1990 онд “Хэцүү урилга”, “Хөшиг нээвэл нууц задарна”, 1985 онд “Санал гомдлын дэвтэр”, 1987 онд “Гурван цүнх үүрсэн нэг хүү”, 1989 онд “Эмд ордог өвс” зэрэг арав гаруй ном бичиж уншигчдын хүртээл болгосон юм. Мөн тэрбээр МЗЭ-ийн МСХ-ны нэрэмжит шагналт, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. 1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож шинэ үндсэн хуулийг батлалцсан эрхэм хүмүүн билээ.

Санжбэгзийн ТӨМӨР-ОЧИР

/УИХ-ын дарга асан, Төр нийгмийн зүтгэлтэн, Гавьяат багш, доктор, профессор/

С.Төмөр-Очир нь Өндөр-Улаан сумын нутаг Дулаан энгэр гэдэг газар 1950 онд төрсөн. 1966 онд Өндөр-Улаан сумын долоон жилийн сургууль, 1969 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийг алтан медальтай төгссөн. Арван жилийн сургуульд сурч байхдаа математик, монгол хэлний олимпиадад түрүүлж аймгийн аварга цол хүртэж, математикийн улсын олимпиадад амжилттай оролцож байв. МУИС-ийн математикийн ангийг 1969-1974 онд математикч, математикийн багш мэргэжлээр, 1981 онд МУИС-ийн дэргэдэх аспирантурт “Түүврийн аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэглэх нь социологийн тодорхой судалгааны үр ашиг, чанарыг дээшлүүлэх чухал нөхцөлийн нэг мөн” сэдвээр философийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1974-1978 онд УБДС-д багш, 1978-1981 онд МУИС-ийн Марксист-Ленинист философийн тэнхимд багш, 1981-1985 онд мөн тэнхимийн орлогч эрхлэгч, 1985- 1989 онд МУИС-ийн хичээл ангийн эрхлэгч, 1989-1992 онд МУИС-ийн сургалт, хүмүүжил эрхэлсэн орлогч захирал, 1992-1995 онд ШУБЯ-ны мэргэжлийн боловсролын газрын ерөнхий захирал, 1995-1996 онд Засгийн газрын гишүүн,

ШУБЯ-ны сайд, 1996-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд БСШУЯ-ны дэд сайд, 2009 оноос БСШУЯ-ны сайдын зөвлөх, 2010 оноос МУИС-ийн ректороор тус тус ажиллажээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, ШУБЯ-ны сайдаар ажиллах хугацаандаа боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, боловсролын хуулийг шинээр боловсруулах шинэчлэх ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр ажиллаж боловсролын шинэчлэлийн эхийг тавилцсан гавьяатай. Мөн ШУБЯ-ны газрын дарга, сайд, зөвлөхөөр ажиллаж байхдаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг боловсруулалцаж түүнийгамьдралд хэрэгжүүлэхэджинтэй хувь нэмэр оруулжээ. С.Төмөр-Очир МУИС, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж эдгээр сургуулийн багшлах боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлж эрдэмжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг, гадаад, дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллагаас өндөр үнэлж 1989 онд доцент, 1992онд профессор, 2000 онд олон улсын дээд боловсролын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, 2001 онд Монгол бурхан шашинтны их сургуулийн хүндэт доктор, 2002 онд Японы биеийн тамирын шинжлэх ухааны их сургуулийн хүндэт доктор, Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор, 2003 онд Киргиз улсын үндэсний шинжлэх ухааны академийн хүндэт доктороор сонгож байв. 2001 онд “Алтан гадас” одон, 2006 онд Монгол Улсын Гавьяат багш цолоор тус тус шагнуулжээ.

Самбуугийн ЛАМБАА

/Ардын багш, төр нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор/

1950 онд Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цагаанчулуут” хэмээх газар малчин Самбуугийн зургаа дахь хүү болон төржээ. Балчир насаа их бага Цагаанчулуут, Хануй, Хүнүйн нутагт эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1958-1966 онд Их тамир сумын дунд сургууль, Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг дүүргэж, 1968-1976 онд МУИС-ийн Инженер-эдийн засгийн факультетийн Авто тээврийн инженер эдийн засгийн ангийг төгсжээ. 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс УИХ-д нэр дэвшиж Архангай аймгийн тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдож 1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 1996-2000 онд Хүн амын хөгжлийн асуудлаарх Монголын парламентын хорооны даргаар ажиллажээ. С.Ламбаа 2000 оноос Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал, “Цэцээгүн” менежментийн сургуулийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2004 онд “Эх орон ардчилал” эвслээс УИХ-д нэр дэвшин УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, 2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Данийн парламентын бүлгийн дарга, НҮБ-ын Хүн амын сангийн Парламентын чадавхийг дээшлүүлэх төслийн удирдах зөвлөлийн дарга, 2006 оноос УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга, Мянганы хөгжлийн зорилт болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар томилогдож байжээ. 2008 онд Архангай аймгаас гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож 2008-2012 онд Хамтарсан Засгийн газарт, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв.

1996-2000, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын 50 гаруй хуулийн төслийг боловсруулах батлуулах, төсөв хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэмэгдүүлж, гадаад харилцааг өргөтгөх замаар эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалтыг эхлүүлж, эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг эрчимжүүлэх талаар олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн төр нийгмийн томоохон зүтгэлтэн юм.

С.Ламбаа өөрийн төрж өссөн өлгий нутаг Өндөр-Улаан сумыг автозамын болон төвийн эрчим хүчний сүлжээнд холбох, цэцэрлэг, сургууль, соёлын төв, эрүүл мэндийн төв, сургуулийн спорт заал шинээр барих, засварлах, хөрөнгө оруулалтыг хийхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, боловсролын салбарт шинэчлэлт өөрчлөлт хийх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход оруулсан хувь нэмрийг үнэлж 2006 онд Монгол Улсын “Гавьяат багш” цол, 2021 онд “Монгол Улсын Ардын багш” цол хүртээжээ.

Жамьянгийн ЖАДАМБАА

/Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төр нийгмийн зүтгэлтэн/

Жамьянгийн Жадамбаа 1947 онд Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг” Энгэрийн өвөлжөө” гэдэг газарт төржээ. 1965 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1970 онд МУИС-ийг Барилгын инженер мэргэжлээр, 1984 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийг улс төр судлаачаар тус тус төгсжээ.

1970-1973 онд Дархан хотын Барилга трестэд инженер, 1973-1976 онд Дархан хотын ХЗЭ-ийн хорооны хэлтсийн эрхлэгч, 1976-1982 онд Дархан хотын МАХН- ын хорооны Намын байгууллагын хэлтсийн эрхлэгч, 1984-1987 онд Дундговь аймгийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга, 1987-1990 онд МАХН-ын Төв хорооны зохион байгуулагч, намын байгуулалтын хэлтсийн зөвлөх, 1990-1992 онд Дархан хотын МАХН-ын хорооны дарга, 1992-1996 онд Монгол улсын их хурлын гишүүн, 1996-2006 онд Үнэт цаасны хороонд албаны дарга, ерөнхий менежер, 2006-2008 онд Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга, 2008-2011 онд МАН-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, 2011-2013 онд МАН-ын Байнгын хорооны дэд дарга, 2013-2016 онд Зээлийн батлан даалтын сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Ж.Жадамбаа нь Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны парламентын гишүүнээр сонгогдон Монгол Улсад эрх зүйн шинэ тогтолцоо бий болгох анхны шанг таталцаж Монгол төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн түшээ хууль тогтоогч юм.

Улсын их хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа шинэ Үндсэн хуулийг амьдралд хэрэгжүүлж, парламентад ёсны тогтолцоог төлөвшүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааг шинээр зохицуулсан суурь хуулиудыг боловсруулах, хэлэлцэн батлахад оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллажээ.

АЛДАР ГАВЬЯАТНУУД

Ням-Осорын ЦҮЛТЭМ

/Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн шагналт/

Ням-Осорын Цүлтэм нь Өндөр-Улаан сумын Хүрэмийн амны “Бяцхан хавчиг гэдэг газарт 1923 онд төржээ. Хүрээ хийдэд долоон жил шавилан сууж байгаад 1937 онд дотоод яамны бага сургуульд орж суралцаж улмаар 1940 онд Улсын хөгжимт драмын төв театрт Ардын зураач Л.Гаваагийн туслах, дагалдан болж, Шарай голын гурван хаан, Амарсанаа, Учиртай гурван толгой зэрэг олон жүжгийн зураачаар ажиллажээ. 1944 онд Кино үйлдвэрийн анхны зураач болж “Цогт тайж” киноны жижиг хэрэглэлийн зураачаар ажилласан түүхтэй.

1945 онд Л.Ванган, Г.Одон, Ц.Доржпалам нартай киноны зураач болохоор очсон ч Москвад элчин сайд байсан Ж.Самбуу гуай В.Н.Суриковын нэрэмжит уран зургийн сургуульд оруулснаар анхны дээд боловсролтой зураачдын нэг болжээ. Тэрбээр төгсөж ирээд Монголын үндэсний музей, Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимыг байгуулсны зэрэгцээ1960 онд Цэдэнбал Филатовагийн дэмжлэгтэйгээр Занабазарын музейг байгуулсан гавьяатай нэгэн билээ. 1971 онд Москвад дэд эрдэмтний зэрэг хамгаалж, Уран зураг, Уран баримал, Уран барилга, Гоёл чимэглэл, Занабазар гэсэн таван цомгоо Япон улсад хэвлүүлж, мөн Болгарын Софи хотод болсон реалист зургийн олон улсын уралдаанд “Уриа” зургаараа тэргүүн байр эзэлсэн их амжилтын он жилүүддээ тэрбээрБерлин, Москва, Бээжин, Улаан-Үдэ, Барнаул, Будапешт, Токио зэрэг хотуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж Монголынхоо нэрийг олон улсад дуурсгаж байв. 20-р зууны дүрслэх урлагт байгалийн зураглалаас гадна эрин үеийнхээ ард олны дүр төрхийг мөнхөлсөн “Тууварчин”, “Жүжигчин Рэнцэнноров”, “Зураач Ядамсүрэн”, “Жүжигчин Цэгмид”, “Зохиолч Ванган”, “Эхийн хөрөг”, “Өөрийн хөрөг”, “Монгол бүсгүй” зэрэг олон хөрөг зургийг мөнхлөн бүтээжээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1956 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, “Талын айл”, “Хивс нэхэгч” тосон будгийн зураг бүтээсэн учир 1959 онд Төрийн шагнал, Монгол зургийн судлалд оруулсан хувь нэмэр болон Монгол улсын Төрийн сүлдийг бүтээсний учир 1973 онд Ардын зураач цол, 1999 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.

Нэрт зураач Цүлтэмийн хүүхдүүд аавынхаа авьяас билгийг өвлөн, улс орондоо төдийгүй тив, дэлийд үнэлэгдсэн уран бүтээлчид хэдийнэ болоод буй. Хүү Энхжин нь Төрийн шагналт зураач, МУЭ-ийн хорооны даргын албыг хашиж байсан бол хүү Мөнхжин нь Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач, ДУДС-ийн багшилж байв. Мөн охин Нармандах нь ДУДС-ийн Монгол зургийн тэнхимийн багш байсны зэрэгцээ Монгол зураг нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Мөн охин Уранчимэг нь АНУ-ын Индианагийн их сургуульд “Ази” урлаг судлалын багш, доктор профессор, урлаг судлаач кураротор юм.

Намхайнямбуугийн НАМЖИГ

/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар/

Намхайнямбуугийн Намжиг нь 1928 онд Цэцэрлэг- мандал аймгийн Хан-Өндөр уулын хошуу одоогийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Тээлийн эхний Салаа сонгинот гэдэг газар төржээ.1948 онд цэргийн албанд мордож хил хамгаалах үйл ажиллагаанд оролцон дарийн утаа үнэртсэн нэгэн. 1951 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын захиргааны нарийн бичгийн даргын ажлыг эрхэлж эхэлснээс хойш улсад 47 жил ажиллахдаа хөдөө аж ахуйн нэгдлийн ажилд бүхий л амьдралаа зориулжээ.

1951 оноос Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Чулуут, Бугат, Ихтамир, Өлзийт, Төв аймгийн Баяндэлгэр зэрэг сумдад Сумын нарийн бичгийн дарга, Сум нэгдлийн даргаар 37 жил ажилласан байна. Энэ хугацаанд аймгийн Депутатаар 12, Ардын их хурлын депутатаар 2 удаа сонгогджээ. Сүхбаатарын хошой одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг болон Алтан гадас одонт, ард олныхоо дунд “Тооцоо Намжиг” хэмээн домогшсон түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндөр үнэлж, 1976 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Гомбожавын ГОНГОРЖАВ

/Соёлын Гавьяат зүтгэлтэн/

Өндөр-Улаан сумын уугуул Г.Гонгоржав нь Тээлийн голын эхнээ өвөг эцэг Мянганы нэрээр нэрлэгдсэн “Мянган толгой”-н урд ар, Гиваанжавын нүүрний хаваржаанд 1937 онд мэндэлжээ. Сумын бага сургууль, аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, МУИС-ийг 1960 онд химич, Марксизм Ленинизмын оройн их сургуулийг 1973 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1960-1974 онд Геологийн төв лабораторид эрдэс судлагч, химич инженер, ахлах инженер, 1974- 1983 онд Үнэн сонины газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан, 1988-1990 онд МХЗЭ-ийн төв хороонд “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн редакцид редактор, 1983-1988 онд ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан “Монголын нэвтэрхий толь”-ийн редакцид редактор, ахлах редактор, 1990- 1999 онд Соёлын яаманд “Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал” лавлах толь бичгийн редактор, уг бүтээлийн хэрэглэгдэхүүн бүрдүүлэх хээрийн дөрвөн удаагийн экспедицийн ахлагч, МУИС, МУБИС, Соёл иргэншлийн их сургууль, Хархорины их сургууль зэрэг их сургуулиудад багшилж байв.

Эрдэнэтийн овоо, Цагаан суваргын зэс-молибдений уурхай, Бороо, Наран толгой зэрэг алтны ордуудын нөөц тогтоох, ашиглалтад шилжүүлэхэд оролцож байжээ. Мэргэдийн мянган сургааль, Есөн эрдмийн мэргэд, Монгол айлдал, Суутан, Монголчуудын эрдэм ухааны уламжлал, Монголчуудын чулуун өв соёл, Монголчуудын модон өв соёл, Танин мэдэхүйн нийтлэл, тэмдэглэл, хөөрөлдөөн зэрэг хорь гаруй ном бүтээлийн зохиогч, Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь 3 боть, Монголын нэвтэрхий толь 2 боть, Монголын соёлын түүх 3 боть, Монгол үндэстний биет бус соёлын өв, монгол, англи хэлээр, Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал, Монгол нутаг дахь түүх соёлын үл хөдлөх өвийн хадгалалт, хамгаалалт зэрэг зохиол бүтээлийн ахлах редактор, редактор, хамтран зохиогч. Г.Гонгоржавын хөдөлмөр бүтээлийг төр үнэлж Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Засгийн газрын хүндэт жуух бичиг, ойн медалиуд, Геологи хайгуулын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2003 онд Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол олгожээ. “Монгол Улсын чулууны өв соёл” сэдвээр Байгалийн түүхийн музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейд дөрвөн удаа бие даасан үзэсгэлэн гаргажээ.

Туваанжавын НАЙДАНЖАВ

/Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч/

Т.Найданжав 1955 онд Улаанбаатар хотын 1-р төрөхөд генерал Туваанжавын хүү болон мэндэлж бага насаа ясли, цэцэрлэгээр хүмүүжжээ. Улаанбаатар хотын 14-р сургуулийг 1976-1979 онд Эрдэнэт хотын АА-ийн …р ангид цэргийн алба хаасан байна. Ажил амьдралын гараагаа Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордны дэргэдэх “CUMO”хамтлагт гитарчинаар 1979- 1982 онд, Хялганатын сургуулийн хөгжмийн багшаар 1982-1984 онд ажиллажээ. Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны клубын эрхлэгч, 1985 онд Улаанбаатар хотын Тээвэрчдийн буюу Их дэлгүүрийн соёлын ордон болон Автобус баазад ажиллаж байгаад 1990 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. 1990-1992 онд Москва хотын Домый театрт суралцан хөгжмийн боловсролоо дээшлүүлжээ.

Нийтийн болон мэргэжлийн 340 гаруй дуу, киноны хөгжим 6, жүжгийн хөгжим 2, дан найрал хөгжмийн 1 бүтээл хийсний зэрэгцээ мэргэжлийн дууны болон “Морин хуур” наадмын дэд, гутгаар байр эзэлж, 2022 онд Тэргүүн шагналыг хүртжээ. Түүний уран бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бусад ойн медалиуд, 2013 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.

ГАВЬЯАТГҮЙ ГАВЬЯАТУУД

Чимэдравдангийн МЯГМАРСҮРЭН

/Нэрт яруу найрагч/

Монголын уран зохиолын авьяас билгийн тод цутгалан, сод авьяаст, Нэрт яруу найрагч Чимэд- равдангийн Мягмарсүрэн нь 1956 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Толгойн гууны хаваржаанд мэндэлжээ. 1973 онд сумынхаа 8 жил, 1975 онд Цэцэрлэг хотын 10 жилийн сургууль, 1979 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг “Хөдөө аж ахуйн эдийн засагч” мэргэжлээр төгссөн юм. 1979-1982 онд Архангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1982-1991 онд ЭМЯ-ны Санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, Монголын Радио болон “Бех” сонины газарт сурвалжлагчаар ажиллаж байв.

“Тэнгэрийн цэнхэр морьд”, “Бодь сэтгэл”, “Аргалын гал”, номоо хэвлүүлж уншигчдын хүртээл болгожээ. Түүний бичсэн бүтээл туурвилыг уншигч олонд дээжлэн 1997 онд “Ташаа тамгаар Чулуут”, 2003 онд “Эр Хэрлэн”, 2019 онд “Сумын зааны зуун шүлэг” зэрэг нэртэйгээр эмхэтгэн гаргасан юм. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ИТХ-ын 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны тогтоолоор сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийг Нэрт найрагчийн нэрэмжит болгожээ.

Мягмарын ДОРЖДАГВА

/Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан/

“Тод магнай” киноны Түмэн буюу жүжигчин М.Дорждагва 1963 онд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд малчин ард Мягмарын гурав дахь хүү болон төржээ. 1979 онд Улаанбаатар хотын 50 дугаар сургууль төгсөж, 1981-1984 онд Хилийн цэргийн хөгжмийн ангид бага дарга, хөгжимчин хийж байв. 1985-1987 онд Худалдааны төхөөрөмжийн газар механик, 1987-1993 онд Армийн драмын театрт жүжигчин, 1993-1994 онд Улсын Драмын эрдмийн театрт жүжигчин, 1998-2001 он хүртэл Архангай аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчин, 2001-2009онд ТВ-9 телевизэд орчуулгын киноны найруулагч, дуу оруулагч жүжигчнээр ажиллаж байв. 2009 оноос өнөөдрийг хүртэл тайз, дэлгэцийн бүтээлд тоглож, чөлөөт уран бүтээл туурвиж байна.

1979 онд цэргийн хөгжмөөс уран бүтээлийн гараагаа эхэлж, 1988 оноос мэргэжлийн урлагийн байгууллага болох Армийн Драмын театрт жүжигчнээр ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл соёл урлагийн салбарт 44 жил тасралтгүй ажиллажээ. Зөвхөн жүжиглэх төдийгүй хэд хэдэн жүжгийн зохиол, дууны шүлэг бичсэн. “Тод магнай” киноны Түмэнгийн дүрээр жүжигчний гараагаа эхэлснээс хойш тайз дэлгэц, радиотелевизийн зохиомж, жүжиг, дуу клип, уран сайхны кино болон баримтат кино зэрэг нийт 250 орчим бүтээлд тогложээ. Тухайлбал:Б. Бунтарын найруулсан “Тод магнай” киноны Түмэн, Ц.Цэрэндоржийн найруулсан “Занабазар” 2 ангит киноны Галдан Бошгот, Билэгт, Д.Төвсанаагийн найруулсан “Минжийн хангай” киноны Дамаа, Б.Чимэддоржийн найруулсан “Хүлээх газар” киноны Дамбий, Б.Бунтарын найруулсан “Цэц магнай” киноны Манж ноён, Ц.Навааны найруулсан “Гал хам” киноны Чулуун, Д.Золбаярын найруулсан “Ээждээ үнсүүлэхсэн” киноны Нөхөр, Эрдэнэбулганы найруулсан “Үхэж үл болно” киноны Торгудай, Борисов /Якут/-ын найруулсан “Чингис” киноны Хөхөчү, Солонгосын баримтат “Чингис” киноны Хөхөчү, Р.Доржпаламын найруулсан “Ховор хүмүүс” киноны Дэрэм, Англи, Франц, Монголын хамтарсан “Тал хээрийн эзэд” баримтат-уран сайхны киноны Талын гөрөөчин, Н.Энхтүвшиний найруулсан “Босго тотго” 60 ангит киноны Хурандаа, Ж.Батбаярын найруулсан “Тусгай салаа” киноны Захирагч хурандаа, Г.Одончимэгийн найруулсан “Солиот эх” киноны баян Намсрай зэрэг 150 гаруй кинонд тоглосноос гадна зохион байгуулагч, хоёрдугаар найруулагч, зургийн дарга зэрэг ажлыг хийж иржээ.

Кино урлагаас гадна театрын тайзнаа Б.Мөнхдоржийн “Эцсийн шийд” жүжгийн Жалханз, Баяндай, “Аянгын бороо” жүжгийн Лу-Да-Хай, Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Бүрхэг Дэндэв, Шалаа Сандаг, Б.Баатарын “Эзоп” жүжгийн Эзоп, “Атга нөж” зэрэг жүжгийн Мухулай, Ганхуягийн “Бандгайнхан” жүжгийн Бандгай зэрэг 40 гаруй дүрд тогложээ. Түүнчлэн Орос, Америк, Венесуэль, Польш, Аргентин, Энэтхэг, Япон, Солонгос, Өвөр Монгол, Хятад олон улсын дэлгэцийн болон телевизийн нийт 2000 гаруй кинонд дуу оруулан, орчуулгын киноны найруулагчаар ажиллаж, жил бүрийн улсын наадам, цагаан сарын зохиомж нэвтрүүлэг, теле кино зэрэгт оролцсон байдаг. “Жудаг”, “Гэрээс”, “Нөхдийн тус”, “Цагаан мөр” зэрэг олон жүжгийн зохиол бичсэн нь кино, жүжиг болон үзэгч сонсогчдын хүртээл болжээ.

Лодоншаравын ДЭМЧИГГАРАВ

/Монгол үндэсний хөгжмийн зэмсэг судлаач, үйлдвэрлэгч/

Л.Дэмчиггарав нь бага залуудаа урлагийн алтан босгоор алхан орж 21 жил тасралтгүй бүжиглэн, бүжгийн урлагийг олон түмэнд таниулжээ. Улмаар сүүлийн 20 гаруй жил Монголын үндэсний хөгжмийн судалгааг хийж эзэн Чингис хаан, Хубилай хааны ордонд эгшиглэж байсан үндэсний их найрал хөгжмийн зэмсгийг сэргээн урласан нь Монголд төдийгүй дэлхийн чихийг дэлдийлгэсэн билээ. Тэрбээр Монголын хөгжмийн зэмсгийг судлах иж бүрнээр нь сэргээн бүтээх, үйлдвэрлэх, тоглолтонд оруулах, монгол соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлах, үндэсний бахархалаа залуу хойч үедээ эзэмшүүлэх, өвлүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж яваа нэгэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх” зарлигийн дагуу Архангай аймгийн сум, баг, албан байгууллагад тэрбээр 3000 гаруй морин хуур залж, тоглолтод оруулаад байна. Түүний урлан бүтээсэн үндэсний хөгжмийн дээж Архангай аймгийн орон нутгийг судлах музей, Монголын театрын түүхийн музейгээс гадна АНУ, Япон, Австрали, Венесуел, Швейцари зэрэг орны хөгжмийн музейд Монгол орны хөгжмийн урлагийн түүхийн элч болон залагджээ.

Түүний уран бүтээлийг Монгол Улсын Оюуны өмчийн газраас дэмжин Олон улсын оюуны өмчийн симпиозумд оруулж “Биба”, “Хүн хуур”, “Матар хуур”, “Луун хуур”, Арслан хуур”, “Төрийн ятга” зэрэг 9 бүтээлд нь патент, 8 бүтээлд нь зохиогчийн эрхийн хамгаалалт хийсэн байна. Л.Дэмчиггарав төрөлх Өндөр- Улаан сумынхаа 90 жилийн ойгоор Зая бандид гэгээнтэн, Шива ширээт хутагт, Ялгасан гэгээнтний үед тоглогдож байсан 4-5 дахь үедээ удам дамжин хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсгүүдийг судлан сэргээн урлаж Монголд анх удаа тоглолтонд оруулахаар ажиллаж байжээ.

Л.Дэмчиггарав үндэсний хөгжим урлан бүтээх, түгээн дэлгэрүүлэхээр зохиогдсон 20 гаруй уралдаан тэмцээнд манлайлж ирсэн бөгөөд төр, засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлэн 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Цэрэндамбын БАЯРХҮҮ

/Пауэрлифтингийн Дэлхийн аварга/

Улс, тив, дэлхийд нэрээ цуурайтуулж, эх нутгаа эцгийнхээ алдартай дуурсган дэлхийн дэвжээнээс аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн тамирчин бол Цэрэндамбын Баярхүү билээ. Ц.Баярхүү нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын сургууль, 1991 онд – ДУДС-ийг зураач, 2005 онд СУИС, ТИС-ийг дизайнер, архитектор, 2005 онд Удирдлагын академийг магистр, 2012 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн.

“Пирамидконстракшин” ХХК-ийг байгуулан захирлаар нь ажиллаж бизнест ч гялалзаж явна. 2003 оноос Өндөр-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн удирдах зөвлөлийн гишүүн, 2005 оноос Монголын их хөгжлийн холбооны тэргүүн, 2011 оноос Монголын Архитекторуудын Эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөний гишүүнээр ажиллаж байна. 2006 онд Өндөр-Улаан сумыг жишиг сум болгох санг санаачлан байгуулжээ.

2007 онд “Стронгмен” тэмцээнд аймгаа төлөөлөн оролцож хүрэл медаль, 2009, 2010, 2011 оны хүчний гурван төрөлтөөс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 2012 онд Энэтхэгийн Удайфур хотод болсон Пауэрлифтингийн Ази тивийн аварга болж байжээ. Тэрбээр тивийн 9 удаагийн аварга, Дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медаль хүртэж, 2023 онд Пауэрлифтингийн дэлхийн аварга болжээ.

Ц.Баярхүү бол сайн тамирчнаас гадна сайн яруу найрагч бөгөөд олон сайхан дууны шүлэг бичиж оны шилдэг дуу шалгаруулдаг “Морин хуур” наадмын тэргүүн дээд Гран при шагналын цомыг гардсан юм. 2008 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2011 онд “Тэргүүний барилгачин” цол тэмдэг болон бусад одон медалиудаар шагнуулжээ.

СУМААС ТӨРӨН ГАРСАН ХҮЧИТ БӨХЧҮҮД

Эрт цагаасаа аварга хүчтэн, баатар эрсийн өлгий нутаг байсан Арын сайхан хангайн хүчит бөхчүүдийн зузаан түүх, намтар алдрыг он цаг гэрчилдэг. Өндөр их өвгөдийн өлгий болсон Өндөр-Улаан сумаас маань аймаг, улсын нэр цуутай олон хүчтэнүүд төрөн гарсаныг тоймлон хүргэе.

Дамдингийн БЯМБАСАН /Улсын заан/

Д.Бямбасан (Мод) нь нутгийн ах Ядамаас барилдах арга ухааныг суралцсан гэдэг. Ядам нь наадамд гурвын даваанаас өгсөж барилдаагүй ч хэмээдэг. Ядам бяр тэнхээ ихтэй хүн байсан бөгөөд нутаг усандаа БӨХ Ядам хэмээн алдаршжээ. Улсын заан Д.Бамбасангийн тухай нутгийн буурал Н.Довчинбавуугийн ярьсан аман хуучийг сийрүүлэн дэлгэрүүлье. Бямбасанг Даншигийн наадмаас цол авч дээлийн торго, мориор байлуулаад ирэхэд багш нь:

-За чи чинь “заан” болчихоод ирсэн гэлүү гээд ухасхийн барьж аван ойр байсан нэг булиа дүнз модоор хэсэг дарж орхичихоод яваад өгч гэнэ. Бямбасан дүнзийг нь хөдөлгөж дийлсэнгүй, багшийгаа ирэх шинжгүйд нь хажуугаар явж байсан хүнээс тусламж эрж эгэл ардтай хүртэл хамжаад мөнөөх дүнзийг даасангүй гэнэ. Мөнөөх тус хүргэхээр очоод дүнзийг өргөлцөж дийлээгүй хүн гол усны бяр чадалтай улсыг цуглуулан байж арай гэж өргөж Бямбасанг гаргаж авчээ. Багшийнхаа тэр хүү үйлдлээс омог аагийг дарж, ухаан бярыг тэнцүүлж барилдахын учрыг ухаж улам хичээх болсон гэдэг. Бямбасан заан ид барилдаж байхдаа улсын арслан Д.Далантай, улсын заан Д.Махшир зэрэг нэг нутгийн хүчтэнүүдтэйгээ хамт хошуу, даншиг, улсын баяр наадмуудаар дөрөө харшуулан явдаг байжээ. Түүнийг 1922 онд уул тайллагын наадамд долоо давж, их Вандан аваргад унан үзүүрлэж Улсын заан цол хүртжээ хэмээн бичсэн байдаг. Эх дагины бөх байсан гэж нутгийн ахмадууд ч ярих нь бий. Д.Бямбасан зааны зодог шуудаг өдгөө охин дүү Д.Янжингийн ганц хүү Я.Дагвадоржийн эхнэр Чимэдлхамынд (Архангай аймгийн Хайрхан суманд) хадгалагдаж байна.

Няндавын МЭНТИГ /Улсын заан/

Улсын заан Н.Мэнтиг нь Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй багийн нутагт төржээ. Орон нутгийнхаа наадамд олон түрүүлсэн бөгөөд нутгийн дээс алхан улс аймгийн сайн бөхчүүдтэй барилдаж үзэх хүсэлдээ хөтлөгдөн 1934 онд улс хувьсгалын 13 жилийн ойн баяр наадамд 19 настай барилдан 1024 бөхөөс Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Цагдаа” хэмээх Д.Содном зааныг зургаагийн даваанд өвдөг шороодуулж заан цолыг хүртжээ. 1936 онд улс хувьсгалын 15 жилийн ойгоор 1024 бөхөөс тав давж байсан хэмээдэг. Н.Мэнтиг зааны ач хүү Төрийн шагналт зураач Ц.Цэгмид хуучлахдаа,

-Мэнтиг заан Гэрсэнз хун тайжийн 3-р хүү Ноонох үйзэн ноёны хүү Бахарайн шууд угсаа юм. Дээд өвөг Ганжуур тайж нутаг заагдан Шива ширээт гэгээний харьяанд ирсэн. Ганжуур тайж Банди, Лодой гэдэг хоёр хүүтэй. Банди тайж нь Бадамгарав, Няндав, Төмөр, Цэнджав гэдэг дөрвөн хүүтэй байсан. Хоёрдох хүү Няндавын дөрөв дэх хүү нь Мэнтиг заан гэж дурсжээ.Н.Мэнтигийг 1934 оны наадмаар тав даваад, зургаагийн даваанд Д.Содном заанд амлагдаад байхад нь наадмын комиссынхон “Тайж тав давахаас илүү яах юм бэ” төрийн цагдаад бууж өг гэхэд нь Содном заан:

-Би амласан болохоор учраагаа яах аа мэдье хэмээн хариулсан гэдэг. Чингээд үнэхээр дийлэлгүй Мэнтигт уначихаад:

-Төрсөн бие унасан болохоос төрийн хувцас шороодсон биш яахав дээ гэж наадмын комиссынхонд хэлсэн яриа аман хууч болон үлджээ. Тухайн үед их хэлмэгдүүлэлт ид явагдаж, хүмүүсийг гарал үүслээр нь гадуурхдаг байсан болохоор бөхдөө хайртай, хүн чанар сайтай Содном заан Мэнтигийг хожмын аюул заналаас сэрэмжилж хамгаалсан нь энэ болов уу? Н.Мэнтиг заан 1936 оноос хойш улсад ирж ахин барилдаагүй орон нутагтаа л барилддаг байсан нь эцэг Няндав тайж баригдан долоон жилийн ял аваад суллагдсан учир олны газар явахаас жийрхдэгтэй холбоотой байсан хэмээн өвөгчүүл дурсдаг юм.

Паянгийн ВАНЧИГЖАВ /Улсын заан/

“Сахал” хэмээх Паянгийн Ванчигжав 1908 онд Өндөр-Улаан сумын нутагт төржээ. 1936 оны наадмаар 1024 бөх зодоглосноос долоо давж, улсын заан цол хүртээд дахин улсын наадамд барилдаагүй ажээ. 1946 онд аймгийнхаа наадамд долоо давж байжээ. Бөхийн хорхойтон Балбарын Базаррагчаа хуучлахдаа:

-1946 оны зун Ванчигжав зааныг Өндөр-Улаан сумын төвд сүү тосны заводын хашаанд харж билээ. Тэр хүн Зис-5 машинд 100 кг-ийн боошигтой цөцгийн тосыг боошигны тагнаас илүү гарсан дээд хэсгийн хоёр талаас нь чимхэж өргөөд машин дээр гаргаад байсан. Энэ хэн гэгч вэ? гэж асуухад тэнд байсан хүмүүс улсын заан Сахал Ванчигжав гэдэг чинь шүү дээ гэж билээ. Зузаан дөрвөлжин биетэй, хар сахалтай хүн байсан. Бусад хүмүүс боошигтой цөцгийн тосыг хоёул, гурвуул банзан дээгүүр өнхрүүлж арайхийж ачиж байхад Ванчигжав тийн элбэгхэн өргөж байсныг бодоход бяр хүч эр биедээ элбэг заяасан байжээ гэж Архангай их хүчтэний өлгий нутаг номондоо дурссан нь бий.

Зэвэгийн БАТСУУРЬ /Улсын начин/

3. Батсуурь начин Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бор бургасны Хоолтод 1905 онд төржээ. Бага насаа мал маллаж хөдөөний хүүхдүүдийн жишгээр өсөж хүмүүжиж, 17 настайгаасаа үеийнхэнтэйгээ барилдан ноцолдож эхэлжээ. 1924 онд анх 19 настай сумандаа түрүүлснээс хойш ойролцоох сумд болон Баянхонгор аймгийн олон сумдад очиж наадмын түрүүг нь хүртсэн байдаг. 1928-1930 онд дараалан 3 жил аймагтаа түрүүлсэн бөгөөд 1934 онд улсын наадамд анх барилдан 4 даваад улсын заан Мээтэн Аюурт тавын даваанд өвдөг шорооджээ. 1935 онд даагаа нэхэж 1934 онд үзүүрлэсэн Улсын арслан цагдаа Содномоор 5 давж, Улсын начны болзол хангаад зургаагийн даваанд Улсын арслан Лхагваад өвдөг шорооджээ. Тус наадамд 960 бөх барилдаж Улсын арслан Бат-Очир түрүүлсэн байна. Начныг зургаагийн даваанд өвдөглүүлсэн Лхагваа арслан дараа жил нь 1936 оны наадамд түрүүлж байсныг бодоход ямар ч бэлтгэлгүй улсад хоёр удаа барилдаад тийн амжилт гаргасан нь 3.Батсуурь хэр хэмжээний бөх байж вэ гэдгийг нотолдог юм. Тэрбээр 3.Батсуурь сумынхаа иргэдэд хуучлахдаа “тухайн үед хол газар мориор хоол ундаа ганзагалаад явна. Олон хоног явахдаа их ядарна, ар гэрийн боломж ч муу байсан. Уг нь ч зааны бололцоо байсан шүү, даанч ахиж улсад явж чадаагүй юм даа” гэж хэмээжээ.

Улсын начин З.Батсуурь их ажилсаг Баянхонгор аймаг руу давсны жинд олон жил явсан гэдэг. Наадам таарсан сумынхан нь “өө Давсны бор ирчихэж манай сумын наадам “Давсны бор”-ынх болжээ” гэцгээдэг байжээ. Начны удмаас эрэгтэй дүүгийнх нь хүү М.Баянмөнх сумын начин, эмэгтэй дүүгийнх нь хүү сумын заан Дамдинсүрэн, сумын начин Нинжбадгар, сумын заан Д.Мөнхжаргал, У.Дашдондог, мөн Өлзийбатын Тогтохбаяр (Чөлөөт бөхийн спортын дэд мастер) гээд л залгамж халаа нь өнөө ч төрсөөр байна.

Рэнцэндашийн ЦОГГЭРЭЛ /Улсын начин/

Р.Цоггэрэл нь 1961 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Тээл гэдэг газар төржээ. 1969-1977 онд Өндөр-Улаан сумын 8 жилийн сургууль, 1977-1979 онд Цэцэрлэг хотын төвийн 10 жил, 1979-1981 онд Санхүү эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр дүүргэжээ. 1981-1982 онд сумынхаа Санхүүгийн тасагт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаж, НАХЯ-ны БТС-ын “Хүч”-нийгэмлэгт тамирчин байлдагчаар оржээ. 1984 онд тус нийгэмлэгтээ улиран ажиллаж тамирчин ахлагчаас тамирчин дэслэгч болжээ. Р.Цоггэрэлийн өвөө Жандаг, аав Рэнцэндаш нар нь “Сумын заан” юм. Аавыгаа даган биеийн тамирын уралдаан тэмцээн, бөхийн барилдаан сонирхон, үеийн хүүхдүүдтэйгээ барилдаж, 14-15 настайгаасаа бөхийн аманд гарч, бөхийн гараа, дэвээ шаваа, дүрэм журам, хувцаслалт, арга мэхэд суралцаж, бөхийн спортод дурлах урам зориг нь улам бадарч, сум, сургууль дээр зохиогддог барилдаан бүрт тогтмол оролцож бяр чадал, арга мэхэнд суралцсаар байжээ. Арван таван настайдаа Азарга багийн баяр дээр барилдсан 32 бөхөөс Жаргалант сумын заан Отгонбаяртай барилдаж үзүүрлэн бөх болох гараагаа эхэлснийг нутгийнхан андахгүй. Р.Цоггэрэлийг сумандаа барилдаж байхад нь тус сумын харьяат улсын начин З.Батсуурь гуай бөхийн мэх, дэвээ шаваа, бөх хүний эрхэмлэж явах хөдөлмөрч, төлөв даруу зан харилцааны талаар сургамжлан захидаг байжээ. Спортын мастер Ч.Буян, спортын мастер Нацагдорж, багш дасгалжуулагч Гэлэг, Дашжамц /Улсын начин/ нарын удирдлагаар байнгын бэлтгэл сургууль хийснээр 1988 онд Монгол Улсын начин цол хүртэж, Самбо бөхийн төрлөөр спортын мастерын болзол хангажээ. Унаган мэх нь “Солгой тонгорох” юм. Үндэсний бөхийн барилдааны арга мэхийг “Самбо” бөхийн барилдаантай хослуулан эзэмшиж 1986-1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль гурав, мөнгөн медаль хоёроор энгэрээ мялаажээ. Гадаад орнуудад болсон олон улсын тэмцээнд гурван удаа оролцож 1985 онд ХБНГУ-д болсон жудо бөхийн олон улсын тэмцээнээс шагналт дөрөвдүгээр байранд орсон юм. Түүний дүү аймгийн арслан Р.Түвшинбаатар 1997 оноос үндэсний болон самбо, кураш бөхөөр хичээллэж байна. Кураш бөхийн улсын аварга бөх юм.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Өндөр-Улаан сумаас Аймгийн арслан Р.Түвшинбаатар, цэргийн арслан Н.Очирбат, Ш.Чойжанцан, аймгийн заан Р.Ванчиннамжил, Г.Шоовдор, Ванданпэрэнлэйн Мишигдорж, аймгийн харцага Сайжийбамбуугийн Золбаяр, аймгийн начин Г.Цэвэлдорж, П.Дашням, П.Пүрэвням, Б.Чогдондаржаа, Б.Даваасүрэн, Машбатын Данзанжамц, Б.Отгонбаатар, М.Мөрөнчулуун, цэргийн заан н.Хишигдэлгэр болон цэргийн начин 6, сумын заан 48, сумын начин 20 гаруй төрөн гарчээ.

Түүх сөхөн хуучилбал: Манай хошууныхан (Цэцэн чин вангийн хошуу) эрт дээр үеэсээ бөхийн сорилго (дэвжээ)- той, Чингийн төр Цэрэн Эфү нь Сэцэн чин вангийн бөхчүүдийг сургаж бэлдэхэд ихээхэн анхаарал тавьдаг байжээ. Халхын долоон хошуу даншиг наадамд бөхчүүдийг эрэмбэлэхдээ: Богд Жавзандамбын бөх, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч Манж, Монгол сайдын бөх, Сэцэн ван Наянтын бөх, Улиастайн жанжны бөх гэж эрэмбэлдэг байсныг ахмад түүхч Магсар хурц тэмдэглэсэн нь бий. Улсын арслан Д.Далантайн үед Цэцэн чин вангийн хошуу буюу Хан-Өндөрийн хүрээ хавийн нутаг орноос С.Аюурзана заан, Д.Бямбасан заан (нутагтаа “Мод” Бямбасан) гэж нэрлэгддэг, Д.Гомбо заан, С.Лундаажанцан арслан, Д.Ванчинсүрэн заан, Н.Мэнтиг заан, Д.Цэдэндамбаа заан, Д.Махшир заан зэрэг улсын цолтой олон бөх нэгэн үед төрөн гарсан нь бөхийн сорилго (дэвжээ) Цэцэн чин вангийн хошуунд төвлөрч байсныг гэрчилдэг. Тухайн үед Луу гүний, Далай Чойнхор вангийн, Цэцэн чин вангийн гэсэн гурван бөхийн сорилго хичээллэж байжээ. Хан-Өндөрийн хүрээний толгой лам нарын нэг Бэх-Очир гавьжхай гэгч гавьж мяндагтай, их бяртай барилддаг хүн байжээ. 1917 онд Наянт вангийн хүү Агь ноён нутагтаа ирснийг хүндэтгэн наадам хийж бөх барилдуулахад Луу гүний Вандан аварга түрүүлж, Сайд вангийн Бэх-Очир үзүүрлэж байсан хэмээдэг.

You may also like...