Slide background
Slide background
Slide background

Өндөр-Улаан сум /товч танилцуулга/

7f7779380d43e246original

Засаг захиргаа, нутаг дэвсгэр Өндөр-Улаан сумын төвийг Тээл гэдэг. Аймгийн төвөөс 122 км, нийслэл Улаанбаатараас 560 км зайд оршино. Бэлх, Азрага, Донгой, Хануй, Баянгол гэсэн 5 багаас бүрдэнэ.

Манжийн ноёрхолын үед Халхын умар замын дундад зуун этгээдийн хошуу (1692-1911) гэж нэрийдэж яваад, Богд хаант Монгол улсын (1911-1923) үед болсон 1921-1923 онуудад ихэнх нутаг нь Сэцэн Чин вангийн хошуунд захирагдаж 18 хэсэгт нь багтах бөгөөд зүүн баруун Цахар, Шива Ширээт Хутагтын шав отог байв. Ардын засаг мандсны дараа Монгол улсын засаг захиргааны шинэчилсэн дүрэм ёсоор 1923 онд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хан-Өндөр уулын хошуунд багтаж байсан Дэлгэр Өндөр Дашлан гэсэн хоёр жижиг сумын ардын хамтарсан хурал болж хоёр сумаа нэгтгэн Дэлгэр-Өндөр сум болгожээ. Хожим нь Улсын Бага Хурлын тогтоолоор 1931 онд орон нутгийн засаг захиргаанд өөрчлөлт оруулан хошуу, арван гэр гэсэн засаг захиргааны хэтэрхий тархай бутархай нэгжийг татан буулгаж шинэчлэхэд эл нутгийн ард Баруун, Зүүн Цахарын овооноос эл тод харагддаг жижигхэн мөртлөө үзэсгэлэнтэй нүдэнд дулаахан уулынхаа нэрээр Өндөр-Улаан гэж нэрлэсэн түүхтэй. Байгуулагдсныхаа дараа Өндөр-Улаан сум нь Мөрөн, Жаргалант сумдтай хил залган оршиж, 326 өрх, 7 багаас бүрдэж байжээ. 1932 оны 10 дугаар сарын эхээр сумын ардын томоохон хурал болоход 200 шахам төлөөлөгч цугларч, шинэ эргэлтийн бодлогыг сайшаан дэмжиж, сонгуулийн эрхийг сэргээх ардын аж ахуйг албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцүүлжээ. Тэр хурлаар сумын захиргааг байгуулан даргаар нь Д.Уртнасан, нарийн бичгийн даргаар нь Ганжууржав, тэргүүлэгчдээр Сандуйжав, хамтралын дарга асан Майдар, хоршооны дарга Даваа нарыг сонгосон байдаг. Тус сум нь 2008 оны хүн амын тооллогоор 5729 хүн амтай, 1501 өрх гэртэй, харин нийт 233578 толгой малтай болж үүний 17231 адуу, 39134 үхэр, 107079 хонь, 70134 ямаатай болсон байна.   Газар зүй, байгалийн  дурсгалт газар Архангай аймгийн хойт чиглэлийн уулархаг нутгийн төв. Хангай нурууны салбар уулс Чулуут, Хануй уужим саруул хөндийнүүдтэй. Нутаг дэвсгэр нь 4,4 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Үүнээс 101700 га ой мод, 800 га ус, 400 га хот суурин газрын эзэмшил, 100 га тусгай зориулалтын бүсэд хамаарагдана. Өөрөөр хэлбэл бэлчээр 70,6%, ой мод 22%, хадлангийн талбай 7,4% гэж ойлгогдно. Сумын нутгийн хойт цэг нь Хавцгайтын даваа, урд цэг нь Бортын даваа, зүүн цэг нь Мацаг толгой, баруун цэг нь Жаргалантын хясаа юм. Асгийн нуруу, Уужмын эх, Улаан байц, Баян хайрхан, Цогт хайрхан, Дэлгэр-Өндөр, Өндөр-Улаан, Баясгалан, Халзан бүргэдэй, Халзан даваа зэрэг аглаг өндөр уулс, Бөхөн, Дашлүн, Дайх, Хөхийн даваа, Бугат, Төмөртийн хөвч тайга бүхий нурууд хөндөлсөн үргэлжлэх агаад уул, нуруудын хооронд Донгой, Түмт, Хануй, Жаргалант,Бор бургас, Зуун мод, Мөнгөн толгой, Шаврын өргөн уудам хөндий хоолой, тэгш тал газартай, хөрсний бүтэц нь ойн цэвдэгт чандруулаг, карбонатгүй, карбонатлаг хар шороон нугын хар хүрэн үржил шим бүхий хөрстэй. Хануйн хөндийгөөр цэвдэгт намгийн, Чулуут голын хавцал сайр, хайрга бүхий хөрстэй талархаг газраа саарал хөрстэй. Үнэт чулуу барилгын түүхий эд элбэг Эх газрын эрс тэс уур амьсгалтай, нэгдүгээр сарын дундаж хүйтэн -22- -24 градус, долдугаар сарын дундаж дулаан +14-+16 градуст хүрч, жилд дундажаар 250-350мм тунадас унадаг аж. Аглаг царам, асга хад бага хэмжээний талбайг эзэлнэ. Өндөр уулын түргэн урсгалт гол болох Чулуут, Суман, Хануй тэдгээрийн ай савд баруун зүүн гараас бэлчирлэн цутгах Баянгол, Азрага, Номгон, Шаргачин,Шавар, Бэлх, Бор бургасны голууд, Шанд Хөтөл, Шар булаг, Элст, Мараат, Усан толгой, Хадат, Шинэ булаг, Салаа Сонгинот зэрэг 200 гаруй булаг шандтай. Зөвхөн Чулуут гол Цахир солгойтоос Үхэр чулууны гарам хүрч, Суман голтой нийлээд Даага Шаргачин хүртэл нийт 108 км урсахдаа олон мянган га талбайгаас усаа цуглуулан 100 шахам гол горхийг ай савандаа нийлүүлдэг. Мөн Бүрдийн нуурууд, Авдартай, Хаяа, Сагсай, Ногоон нуур зэрэг 10 гаруй жижиг нуур бий. Өндөр-Улаан сумын нутагт эмчилгээнд зориулан ууж, сүсэглэн бишэрдэг. Бэлх, Булган, Төмөртийн хүйтэн рашаанууд байх бөгөөд амралт сувилал,алжаал тайлахад тохиромжтойгоос гадна байгалийн үзэсгэнлэнт нутаг юм. Геодези, геологийн мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтээс үзвэл усан ба утаат болор, хээрийн жонш, шүрмэсэн чулуу, шохойн чулуу, хүрмэн ба боржин, илүү сайн чанарын зос будаг, шавар, элс болон барилгын цутгуур, дүүргэлтийн чулуу элбэг байдаг. Энэ боломжийг ашиглан, ой мод ус, барилгын материалын үйлдвэрлэл явуулах боломжтой. Уулсаараа хаг хөвд, өндөр уулсын сийрэг тачир өвслөг ургамал, бут сөөг, үетэн алаг өвс жижиг үет зонхилсон уулын ба ойт хээрийн сахлаг ургамал ургана. Харин Хануй, Суман, Чулуут голын дагуу хоолой Хөндийд ёрхөг, согоовор, агь амтлаг соргог ургамал, үет буурцагт, цэцэгт ургамлаар баялаг. Монгол алтан хундага, алтан гагнуур, хөх шар дэгд, ванчин гарав, бамбайн үндэс, монгол туйплан, мэтийн эмийн, мангир, хүнхээл, сонгино, гоньд, мөөг, самар, мэхээр, гичгэнэ, ямаахай зэрэг хүнсний, хад, тошлой, нэрс, үхрийн нүд, аньс, улаалзгана, гүзээлзгэнэ, зэрэг жимс, ургамал зүйл төрлөөрөө зуны дэлгэр цагт алаглан ургана. Хар мод, хуш, хус, бургас улиас, хайлаас, гацуур зэрэг шилмүүст болон навчит мод ой шугуйд нь зэрэгцэн ургана. Хөвч, хангай, тал хээр хосолсон эл нутагт буга согоо, гахай, бор гөрөөс, дорго жирх, хэрэм, хүдэр, туулай, чандага, үнэг, хярс, мануул тарвага, зурам, хяр хэцээр нь чоно шилүүс, үнэг зэрэг үслэг антай. Уул тагийн өндөрт тас, ёл, цармын бүргэд эргэж байхад зуны улиралд хун, галуу нугас, тоодог, тогоруу, аймаглан ирж, нутгийн шувуу болох тоншуул, бэг баатар, сар, шонхор, шар шувууд өвөлжиж, агнуурын шувууд болох хур сойр, ятуу, сүрэглэн нутаглана. Суман, Чулуут голд тул, зэвэг, цурхай, цулбуурт, хадран, хайрс зэрэг агнуурын загасаар элбэг. Халзан бүргэдэй, зуун салаа мод, мөн Бичигт Хангай, азаргын арбулгийн рашааны сав газар, Хануйн Төмөртийн рашааны эх зэрэг нь хол ойрын аянчин гийчнийг нүд баясгаж, сэтгэлээ хөдөлгөдөг үзэсгэлэнт сайхан хангайн сор байгаль юм. Хөшөө дурсгал Хануй багийн Урт булгын аманд орших том, жижиг хоёр хэрэгсүүр, хоёр дөрвөлжин булш буй. Том хэрэгсүүр нь Хануй голоос хоёр км зайд, Бурхант уулын энгэрээс зүүн тийш 1 км оршино. Ойролцоогоор 410х388 м хэмжээтэй дөрвөлжин чулуу байгууламж юм. Дөрвөн өнцөгт нь 1,7 м өндөр чулуу босгожээ. Нөгөө хэрэгсүүр нь 37х58 хэмжээтэй дөрвөлжин хэрэгсүүр аж. 108 ширхэг шигтгэсэн чулуун цагиргаас бүрдэнэ. Мөн Балгасан талын Хүннүгийн булш нь Бугатын нурууны араас баруун тийш Хануйн голын хөндийтэй залгасан “Гол мод” хэмээх аманд байшин, барилгын сууриудтай тул нутгийнхан Балгасан гэдэг. Соёл боловсрол 1931 оны зун сумын төвд Өргөө хэмээх том цагаан гэр баригдан туг далбаагаар чимсэн нь анхны соёлоор үйлчлэх байгууллагын эхлэл байв. 1938 онд Улаан булан болж жилдээ 4-5 томоохон концерт тоглож 45-60 км алслагдсан Номгон, Шаргачин, Нист, хүртэл морь, үхэр тэргээр аялж, ардуудад ухуулга хийн уралгаар үйлчилж эхэлсэн гэдэг. 1957 онд улаан булан томорч клуб болж 12 суудал бүхий 6000 боть номтой уншлагын Танхим нээгджээ. 1960-1990 оны үед 250 хүний суудалтай клубтэй Ч.Ойдовын “Далан худалч”, Д.Намдагын “Шинэ байшинд”, Д.Нацагдоржийн “Учиртай 3-н толгой”, “Цоохор цэргийн Самдан” зэрэг дуурь, жүжиг тоглож, 1960-1971 онд Л.Лодоншарав нь лэм, дуут чулуу, шаазангийн аялгуу нь улсад 4 удаа шалгарч байжээ. 1930 оны 6-р сард Хан-Өндөр уулын хошууны Дэлгэр-Өндөр суманд 18 сурагчтай бага сургууль анх удаа нээгдсэн 10 жилийн дунд сургуулийн эхлэл юм. Энэхүү бага сургууль 45 хоног монгол үсгийн цагаан толгой, энгийн дөрвөн аргаар тоо заалгаад таржээ. 1938 оны 9-р сард 2 анги, 51 сурагчтай анхны бага сургууль нээгдэж сургагч багшаар Б.Чойжинсүрэн, дагалдан багшаар Ч.Балсан иржээ. 1954 онд 7 жилийн дунд сургууль, 1965 оноос 8 жилийн, 1984 оноос 10 жилийн дунд сургууль болжээ. Тус сургуулиас Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир, хөдөлмөрийн баатар Н.Намжиг, яруу найрагч Ч.Мягмарсүрэн, шог зохиолч Ж.Барамсай, улсын начин Р.Цоггэрэл, төрийн сайд асан Ж.Болд, Даш чойлон хийдийн хамба лам Ч.Дамбажав, шадар сайд асан Ч.Пүрэвдорж нарын олон нэртэй хүмүүс суралцаж байжээ. Жил бүр 950 гаруй сурагчид суралцан 40 багш 20 туслах багштайгаар ардын үр хүүхдүүдэд эрдэм ном зааж байв. Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэг нь анх 1962 оны 11-р сарын 15-ны өдөр байгуулагджээ.